2023 оны 04 сарын 17-18 ны өдрүүдэд зохион байгуулагдсан "STEAM боловсрол ба Дрон технологи" сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус сургалтыг МУБИС-Боловсрол судлалын сургууль, МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургууль, МУБИС-Математик, Байгалийн Ухааны Сургууль хамтран АНУ-ын Western Washington их сургуулийн профессор JAY J.JEONG, БНСУ-ын Нисэх загварын холбооны ерөнхийлөгч, доктор CHO IG-HYENG нарыг урьж зохион байгуулсан нь боловсролын салбар хоорондын төдийгүй сургуулиудын хамтын ажиллагаа, түншлэлийг харуулсан сайн жишээ боллоо.
Энэ удаагийн сургалт нь:
- Дрон удирдах болон програмчлах үндсэн мэдлэг, ур чадвар
- Дроны ОУ-ын тэмцээний удирдамж, дүрэм, зохион байгуулалт
- Дроны Үндэсний аварга шалгаруулах анхдугаар тэмцээний зааварчилгаа гэсэн агуулгаар явагдсан юм.
Ийнхүү МУБИС нь Монгол улсад Дрон технологи, кодчиллыг хөгжүүлэхэд БНСУ-ын Нисэх загварын холбоо /Korea Aero Models Association/-той хамтран ажиллаж, дэлхийд танигдсан монгол инженер, багш, олон улсад өрсөлдөхүйц баг тамирчдыг бэлтгэхээр боллоо.
Тус сургалтын үр дүнгээр 2023 оны 05 сарын 27-28 ны өдрүүдэд Дроны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд түрүүлсэн багийг Солонгос улсад болох ОУ-ын Дроны тэмцээнд зардлыг нь дааж оролцуулах юм.
Энэхүү улсын анхдугаар тэмцээн болон ОУ-ын тэмцээнд оролцох сурагчид, багш болон дасгалжуулагч нарыг энэ удаагийн сургалтаар бэлтгэсэн билээ.
Хүрэлцэн ирсэн сургагч багш нартаа, тус сургалтад хамрагдсан ЕБС-ийн нийт багш сурагчдадаа, зохион байгуулж ажилласан баг хамт олондоо баярлалаа.