Насан туршийн боловсролын багш гэж хэн бэ?
Насан туршийн боловсролын үзэл баримтлалаас харахад энэ мэргэжлийн багш мэргэжилтэн нь бусад мэргэжлийн адил мэргэжлийн тодорхой нэг чиглэл, чадвараар дагнан ажилладаг мэргэжилтэн огтхон ч биш. Харин насан туршийн боловсролын кластер ур чадвараар дамжин, хөрвөх өндөр боломжтой мэргэжил буюу нийгмийн хурдацтай хөгжил, технологийн дэвшлийн энэ цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, улс, орон нутгийн онцлог, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан, бүх насны иргэдэд сургалт-үйл ажиллагааг нээлттэй хөтөлбөрийн уян хатан хэлбэрээр, тасралтгүй байдлаар зохион байгуулдаг менежерийн ур чадвар бүхий багш мэргэжилтэн юм.
Тухайлбал, насан туршийн боловсролын багшийн мэргэжил нь нийгмийг соён гэгээрүүлэх, олон нийтийн тасралтгүй суралцах хэрэгцээнд чиглэсэн суурь ойлголт мэдлэг, бичиг үсгийн, ерөнхий боловсрол болон ажиллаж, амьдрах нийгмийн болон аж төрөх арга ухааны чадварыг эзэмшүүлэх замаар насан туршийн тасралтгүй боловсрол эзэмших иргэний эрхийг хангах үйл ажиллагааг эрхэлдэг субъект буюу орчин үеийн нэршлээр карьер коучинг (ахуй амьдрал, ажил хөдөлмөрийн дасгалжуулагч) юм.
Уг мэргэжилтэн нь дийлэнхдээ насанд хүрэгчидтэй ажиллах бөгөөд тэдний онцлог хэрэгцээнд зориулсан практик зорилго, ач холбогдолтой тусгай хөтөлбөрийг төлөвлөн боловсруулж, тодорхой чиглэлээр сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, чадваржуулах компанит ажил зэргийг орон нутгийн иргэдийн оролцоо, байгууллага, хамт олны нөөц боломжийг бүрэн ашиглаж олон талын хамтын ажиллагаа түншлэлд тулгуурлан хэрэгжүүлдгээрээ бусад багш мэргэжилтнээс ялгаатай юм. Тийм ч учраас уг мэргэжилтнээс дараах ур чадварыг шаарддаг юм.
- Өөрөө тасралтгүй суралцагч байхад шаардлагатай мэдлэг чадвар, хандлага эзэмшсэн хувь хүний болон нийгмийн зөөлөн ур чадвар бүхий суралцагч бие хүн,
- Хүүхэд залуус, насанд хүрэгчдийн сурч хөгжих үйл явцыг дэмжсэн сургалт – үйл ажиллагааны төрөл хэлбэрийг олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй зохион байгуулах ур чадвар бүхий хөтөлбөр боловсруулагч,
- Насанд хүрэгчдийн сургалтын онол, үзэл баримтлал, арга зүйг эзэмшсэн практик ур чадвар бүхий багш,
- Иргэдийн насан туршийн боловсрол эзэмших үйл ажиллагааг хөгжүүлэхэд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төр, дотоод гадаадын олон нийт, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хувь нэмрийг дэмжих, хамтын ажиллагаа түншлэлийг бий болгох ур чадвар бүхий менежер,
- Сургалт – үйл ажиллагааны үйл явц, үр дүнг дээшлүүлэхэд байнга анхаарч, өөрийн үйл ажиллагаандаа эргэцүүлэл, дүгнэлт хийх чадвар бүхий судлаач,
Ажлын байранд харилцах шууд субъект: Хүүхэд залуучуудын сурч хөгжих хэрэгцээг хамрах боловч ихэвчлэн шинэ мэдлэг, чадвар, ойлголт хандлага, мэргэжлийн баримжаатай болж, ажил хөдөлмөр эрхлэн ахуй амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй 18-70 насныхан байна.
Энэ мэргэжлээрээ хаана ажиллах вэ?
- Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд үйл ажиллагаа явуулж буй насан туршийн боловсролын төв, нэгжүүдэд насан туршийн боловсролын багш.
- Боловсролын Ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтэст насан туршийн боловсролын мэргэжилтэн, арга зүйч
- БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнд насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн
- БСШУСЯ-ны насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн
- Олон нийтийн соён гэгээрлийн үйлчилгээ үзүүлэгч Музей, сүм хийд, номын сан, соёлын төвүүдэд боловсролын мэргэжилтэн
- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох сонин, сэтгүүл, хэвлэлийн компанийн редакц, вэб хуудас, телевиз, радиогийн салбарын боловсролын мэргэжилтэн
- Олон улсын донор байгууллагууд болон олон улсын төсөл хөтөлбөрт боловсролын салбарын зохицуулагч, мэргэжилтэн, сургагч багш
- Хувийн аж ахуй нэгж, групп, компани, төрийн бус байгууллагад сургалтын мэргэжилтэн, сургагч багш
Уг мэргэжил ирээдүйд ямар болох вэ?
Ирээдүйн хил хязгааргүй дэлхийн нөхцөл байдалд нийцсэн, хувьсан өөрчлөгдөх, шинэ иргэн болон мэргэжилтний хөгжлийг дэмжигч, чиглүүлэгч, хамтрагч нь болно. Өөрөөр хэлбэл хувь хүний, бүлэг хамт олны, байгууллага, нийгмийн суралцахуйг дэмждэг
- Насанд хүрэгчдийн багш (Adult teacher)
- Насанд хүрэгчдийн боловсролын мэргэжилтэн (Adult educator)
- Трейнер буюу Сургагч багш (trainer)
- Дасгалжуулагч (Coaching)
- Зааварлагч (Tutor)
- Зөвлөх (Mentor)
- Арга зүйч (Facilitator)
- Мэргэжилтэн (Specialist) зэрэг мэргэжилтэн болно.