Мэдээ

hidden

Индонез улсын Сурабаяа болон Маланг хотод.
2023 оны 11 сарын 19-23.
1. Япон улсын Окаяама их сургуулийн Тогтвортой хөгжлийг дэмжих төвийн санаачилгаар 2020 онд Азийн орнуудын багш бэлтгэх сургуулийн багш нарын баг “Азийн орнуудын ТХБ-ын төвүүдийн хамтын ажиллагааны хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролоор багш бэлтгэх боловсролыг дэмжих нь (ATECCE)” судалгааны төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2023 оны 11 сарын 16-18 ны өдрүүдэд Индонез улсын Сурабая хотын Universitas Negeri Surabaya буюу Сурабая хотын их сургуульд уг төслийн хаалтын олон улсын уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалтын хүрээнд Азийн орнуудын багш бэлтгэдэг их сургуулиудын судалгаа, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, дадлага ажлууд зохион байгуулагдсан бөгөөд Монгол улсыг төлөөлөн доктор Д. Үүрийнтуяа ахлагчтай МУБИС-ийн судлаачдын төлөөлөл (профессор Е. Батчулуун, Д. Даваасүрэн, магистрант Дуулал нар) оролцож, “Багш бэлтгэх хөтөлбөр дэх уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын өнөөгийн байдал” (An analysis of Current situation on Climate change education into Teacher Education in Mongolia) сэдэвт илтгэлээ танилцууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд Азийн орнуудын газар нутаг, уур амьсгалын өөрчлөлт, түүх, өв соёл, нийгмийн онцлог суралцагчдын ялгаатай хэрэгцээ, хөгжлийн ялгаатай байдлыг тооцсон багш бэлтгэх хөтөлбөр дэх УАӨ-ийн боловсрол (Агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ)-ын хүрээ гарч хамтын бүтээл олон улсын сэтгүүлд хэвлэгдэн гарах юм.
Түүнчлэн дээрх уулзалт хэлэлцүүлгийн онцлох үр дүн бол Насан туршийн боловсролоор дамжуулан иргэдийн УАӨ-ийн боловсролыг нэмэгдүүлэх хэрэгцээ үүссэн байдал дээр судлаачид санал нэгдсэн бөгөөд цаашид энэ чиглэлд хамтарч ажиллахаар боллоо.
2. Маланг хотын их сургуулийн профессор Буди Хандоёогийн урилгаар профессор Е. Батчулуун, доктор Д. Үүрийнтуяа нар тус сургуульд суралцагч (бакалавр, магистр, доктор) оюутнуудад хамтарсан сургалт зохион байгууллаа. Цаашид Маланг их сургуулийн Хамтын ажиллагааны тэнхим, Газарзүйн тэнхимтэй багш оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллахаар болов.